Breaking News

Компьютер ба эрүүл мэнд

Компьютер гарч ирснээр та бидний ажлыг хөнгөвчилж, бид ч компьютертай дотно нөхөрлөх болсноор нилээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэгвэл компьютер дан ганц ашиг тустай эд ч бас биш юм. Эрүүл мэндтэй холбоотой олон проблемууд компьютер ашигласнаас бий болж, түүнийхээ хэрээр эрүүл мэндээ яаж хамгаалах дүрмийг зарим оффист мөрдөх болжээ. Компьютераас болж хүний нүд, нуруу, хөл гар буюу үе мөчний өвчин үүсэх магадлал тун их. Дээр нь жирэмсэн эмэгтэйчүүдийн урагт муугаар нөлөөлдгийг эрдэмтэд аль хэдийн батлаад байна. Компьютерийн эрүүл мэндийн хамгийн энгийн нийтлэг дүрэм бол компьютерийн өмнө та хэрхэн суухаас эхэлнэ.
Та компьютерийн өмнө зөв сууж чаддаг уу?
Компьютерийн өмнө зөв суугаагүйгээс биеийн бүхий л хэсэгт нөлөөлж, ноцтой проблем үүсгэнэ. Тухайлбал буруу сууснаас болж, нуруу, хүзүү, толгой өвдөх, үе мөчний өвчин тусах, нүдний хараа муудах, улмаар цусны даралтад нөлөөлж зүрхний хэмнэл өөрчлөгдөх магадлалтай байдаг байна. Эдгээр биеийн зовиураас гадна сэтгэл зүйн стрессд өртөх нь их юм. Юуны өмнө компьютерийн өмнө та хэрхэн сууж ажиллах ёстойг зурган дээр тайлбарлая. Энэ зургийг анхааралтай хараарай.

  1. Биеийн дээд хэсэг налах учраас сандлын түшлэгийг анхаарахгүй байж огт болохгүй. Компьютер дээр удаан ажиллахад бие их чилдэг болохоор нуруугаараа бүхэлдээ налах хэрэгтэй. Харин огт хөдөлгөөнгүй сандал биш, янз бүрээр тохируулах боломжтой сандал хамгийн эвтэйд тооцогдоно. Нуруу цэх байрлахгүй, дэлгэц рүүгээ байнга бөгтийгөөд байвал нуруу өвдөх нь аргагүй.
  2. Нурууны доод хэсэг мөн л сандлын түшлэгийг налж байх ёстой. Биеийн байдалдаа тохируулж сандлын түшлэгийн өнцгийг өөрчилж болно. Мөн нэмэлт дэр нуруундаа байрлуулсан ч болно шүү дээ.
  3. Сандлын суудлын өндрийг анхаарах нь чухал. Гуя, ташаа хэвтээ байдалд байх ба компьютерийн эгц өөдөөс харж суухад бие чилдэггүй. Кейборд дээр ажиллахад бугуй чөлөөтэй хөдөлж болохоор байх хэрэгтэй.
  4. Хөлийн тавиурыг хэн ч анзаардаггүй. Гэтэл хөлийн тавиур бол зөв суухад ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал хөлөө шалан дээр бус тавиур дээр тавимагц нурууны байрлал цэх болж, их эвтэйхэн, тухтай болдог. Харин хөлөө тавиур дээр тавиагүй, дээр нь сандал жаахан өндөр бол нуруугаараа бөгтийх гээд байдаг. Намхан хүмүүс хөлийн тавиур хэрэглэхгүй байх нь гар болоод нурууны байрлал буруу, тун эвгүй болдог. Тэгэхээр таарч тохирсон хөлийн тавиур тун хэрэгтэй эд юм.
  5. Ширээн доор таны хөл нааш цаашаа хөдлөхөд зориулж хангалттай сул зай байх ёстой.
  6. Тохой мөрнөөс эгц доош унжих ба бугуй гар хоёр кейборд дээр байрлана.
  7. Бугуй хэзээ ч тахийж хотойх ёсгүй, цэх байрлах ёстой. Бугуйны тулгуур ашиглаж гараа үе үе амрааж болно.
  8. Таны харааны түвшин дэлгэцийн дээд хэсэгтэй ижил түвшинд байрлах ёстойг анхаар. Тэгэхээр нүдэнд хэт ачаалал өгөхгүйгээр дэлгэц дээр байгаа зүйлсээ шууд хардаг байх хэрэгтэй.
  9. Ажлын талбайгаа маш цэвэр цэгцтэй, зөв зохион байгуулалттай байх ёстой. Кейборд, мауз хоёроо өөртөө ойр байлгавал ашиглахад хялбар юм.
Зөв суугаагүйн улмаас үүсэх хамгийн ноцтой эмгэг бол нурууны өвчин. Энэ бол үнэхээр тоглоом биш. Хэдхэн жилийн дараа та нурууны өвчтэй болж, чөлөөтэй явж, сууж, хэвтэж ч чадахгүй тахир дутуу болохыг хүсээгүй л юм бол юун түрүүнд зөв сууж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Ер нь суугаа ажилтай хүн /ялангуяа компьютер дээр ажилладаг болон жолооч хүмүүс/ суудлынхаа налуурыг нуруугаараа бүрэн налж, цэх суух бол алтан дүрэм. Гэхдээ эрүүл мэндийн олон асуудлууд дан буруу сууснаас бус олон олон хүчин зүйлүүдээс болж үүсдэгийг дараа дараагийн сэдвүүдээс уншицгаая.

Дэлгэц ба эрүүл мэнд
Компьютераас болж хамгийн түрүүнд нүд, толгой, нуруу гарын өвчин тусах магадлалтай байдаг гэж эхэнд хэлсэн. Компьютер дээр ажиллана гэдэг чинь дэлгэц ширтэнэ л гэсэн үг. Тэгэхээр дэлгэц өөрөө өнгөний нягтрал сайтай, ямар ч чичирхийлэлгүй, дүрс болон мэдээллийг өндөр чанартай үзүүлдэг байвал нүдэнд ирэх ачаалал багасна. Мэдээллийг өндөр чанартай харуулахад дэлгэцийн өөрийн хүчин чадал, чанар чансаанаас гадна цэвэр цэмцгэр байдал ч нөлөөлдөг. Өнгөний нягтрал сайтай, өндөр чанарын LCD дэлгэц дээр удаан хугацаагаар ажиллахад нүд бараг чилж өвдөхгүй байсан чинь CRT дэлгэц дээр хоёр цаг орчим суухад л нүд бүрэлзээд, толгой өвдөөд унах юм гэх хүнтэй таарч байлаа. Ингээд дэлгэцтэй холбоотой хэдэн зөвлөгөөг анхаарч уншина уу.

  • Дэлгэц дээр тоос шороо, хир буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ байн байн арчаад тун цэвэр авч явдаг. Компьютерийн дэлгэц түүнтэй яг адил юм.
  • Мөн дэлгэцийн зөв байрлал хамгаас чухал. Дэлгэц танаас 350-600 мм-ийн зайтай байхаас гадна бага зэргийн налуу байж, нүдэнд бүхэлдээ шууд харагддаг байх ёстой. Дэлгэц налуу буюу гэдгэр байх нь хүзүү чилэхээс сэргийлнэ.
  • Дэлгэцэндээ заавал филтер хийгээрэй. Компьютер дээр удаан суухад уруул ам хатан хуурайшиж, нүд аргаад эхэлдгийг та анзаарсан уу. Тэгвэл дэлгэцээс гарах хортой туяа тийм нөлөөг үзүүлдэг байна. Энэ бүх нөлөөг дэлгэц хамгаалагч буюу филтер өндөр хувиар бууруулдаг нь нэгэнт батлагдсан.
  • Болж өгвөл компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүж байх хэрэгтэй.
  • 20 минут тутамд нүдээ байнга амрааж, дэлгэц ширтэхгүй хэсэг завсарлаж байх хэрэгтэй.
  • Хурц гэрлийн ойлт дэлгэц дээр тусаж, таны нүд рүү гялбахгүй байх дүрэмтэй. Дэлгэцийн чанх ард болон эгц урд нь цонх, буюу хурц гэрэл байхаас зайлсхий. Зайлшгүй тохиолдолд цонхны хөшиг, эсвэл дэлгэц хамгаалагч буюу филтер ашиглахаас өөр аргагүй.
Дэлгэц энэ бүх зарчмын дагуу байвал нүдэн дээр өндөр ачаалал ирэх нь харьцангуй багасна. Тэр хирээрээ нүд, толгой чилж өвдөх, улмаар нүдний хараа муудах аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Кейборд, маузнаас шалтгаалах эмгэг
Кейборд, маузны эвгүй буруу байрлалаас хуруу, гарын үеийн эмгэг үүсдэг. Эдгээрийг хэрэглэхэд гар бугуйгаараа тахийх, хотойх ёсгүй. Буруу ашигласнаас болоод хуруу гараас гадна, мөр хүзүү хүртэл чилж өвддөг. Кейборд, маузаа ашиглахад хялбар, эвтэй байдлыг нь бодолцож хийц дизайн, хэмжээгээ тохируулан сонгож авах нь чухал. Кейбордонд байх нэмэлт хэсэг нь бугуйн тулгуур болж, гарыг бага эцээдэг. Мэдээж кейборд, маузын ариун цэвэр мөн л чухал. Яагаад гэхээр таны гар зөвхөн бугуйгаараа хөдөлж кейборд, маузыг удирддаг болохоор хурууны үзүүрээр хүрэхийн төдийд л үйлдлээ гүйцэтгэж чаддаг уян зөөлөн “дуулгавартай” байх ёстой. Өөрөөр хэлбэл танаас нэг их хүч шаардахгүй буюу таны гарт тун бага ачаалал бага ирэх ёстой гэсэн үг юм. Харин кейборд болон маузаа “дуулгавартай” байлгахын тулд тоос шороогүй, цэвэр цэмцгэр байлгах хэрэгтэй. Тоос шороо, бохирдол нь товчлууруудыг дарахад хүндрэлтэй, хатуу болгодог бол маузны гадна дотно тал хэт их бохирдсоноос чөлөөтэй “гүйж” чадахаа болино. Кейбордыг бодоход мауз нь нэг, хоёрхон хуруун дээр төвлөрч ажилладаг болохоор маузанд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй. Иймд маузтай холбоотой хэдэн зөвлөгөө өгье.
  • Мауз ажиллах зай талбай хангалттай байх ёстой. Маузтай ажиллах таны гар ширээн дээр тохой хүртлээ тавигдаж байвал эвтэйхэн бөгөөд зөв байрлал юм.
  • Маузны дэвсгэрийг зайлшгүй анхаарч, их цэвэр байлгах хэрэгтэй. Цэвэр байснаараа мауз чөлөөтэй гүйж, үүргээ сайн гүйцэтгэх болно.
  • Гараа үе үе амраах ёстой. Мөр, гар, нурууны дээд хэсэг, хүзүү гээд бүгдэд ачаалал ирдэг учраас амарч биеийн чилээгээ гаргаж байх нь чухал.
  • Хэрвээ та компьютер дээр байнга ажилладаг, туршлагатай хэрэглэгч бол хулганаа баруун зүүн гараараа солиод хэрэглэсэн ч болно.
  • Кейбордын товчлууруудыг даруйхан судлаад, болж өгвөл маузтайгаа хослуулан зүүн гараараа кейбордоо зэрэг ашигладаг байх хэрэгтэй. Хэрэв гэнэт мауз асуудалд орвол кейборд л таныг аварна. Бүх програм, үйлдлийн системүүд кейбордын shortcut-уудтай байдаг.
Ажлын талбай буюу ширээ ч бас хамаатай
Зарим хүмүүс ажлаа хийж байна гэхээрээ л ширээн дээрээ дүүрэн хэрэгтэй, хэрэггүй бичиг цаас хөглөрүүлээд сууж байдаг. Ажлын ширээний иймэрхүү дүр зураг ч бас эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Та төсөөлөөд үз дээ. Маузаа хөдөлгөх гэсэн чинь нэг цаас тулчхаад явж өгдөггүй, тэрхэн зуур таны уур цухал хөдлөөд амжина. Эсвэл нэг чухал бичиг баримтаа хайгаад хайгаад олдоггүй. Энд л байсан юм даа, хаашаа орчхов гээд л хайж өгнө. Хайх завсраа хаячихсан юм болов уу, олдохгүй байвал яана аа, даргад юу гэж хэлнээ гэх мэтчилэн сэтгэлийн бөөн зовлон, дарамтад орно. Иймэрхүү байдлаас болоод л стресс гээч юманд өртөж эхэлнэ шүү. Тэрнээс гадна бичиг цаас эмх замбараагүй хөглөрөх нь агаарын хуурайшилд нөлөөлөх магадлалтай гэнэ. Хэрвээ бүх зүйл тань эмх цэгцтэй, өөр өөрсдийнхөө байранд гарын дор байрлах нь ажлаа ямар ч саадгүй явуулахад хичнээн дөхөмтэй зүйл болох вэ. Үзгээ авахын тулд ширээнийхээ өнцөг рүү сунаж байгаад нуруугаа гэнэт эвгүй хөдөлгөчихвөл яах вэ. Тэр өдөржингөө нурууны зовиуртай өнжих ба нурууны өвчтэй болох алхам нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй олон зүйл таны эрүүл мэндэд нөлөөлөх ба доорх хэдэн зөвлөгөөг анхааралтай уншаарай.
  • Ажлын ширээ болон сандлын өндрийн харьцаа нийтлэлийн эхэнд байгаа шиг зөв харьцаатай, зөв байрлалтай байх ёстой. Учир нь таны ажиллах тав тухыг энэ хоёр голлон бүрдүүлдэг.
  • Ажлын ширээ эмх замбараагүй байх нь эрүүл мэндээс гадна ажлын бүтээмжид маш их нөлөөлдөг учир зайлшгүй цэвэр байх ёстой.
  • Кейборд, маузтай ажиллахад таны гарт саад болох зүйл орчин тойронд нь байх ёсгүй.
  • Ажлын ширээний доор хөлөө чөлөөтэй байлгахын тулд хангалттай зайг бүрдүүлж өгөөрэй. Саад болох элдэв хайрцаг, бусад төхөөрөмж сэлт байх ёсгүй. Хогийн сав, процессор /хэрвээ процессороо газар тавьдаг бол/, ширээний шүүгээ зэргийг хөлд тээг болохгүйгээр эмх цэгцтэй байрлуулаарай.
  • Зайлшгүй хэрэгцээт зүйлсээ /үзэг балны хайрцаг, бичгийн тавиур, тэмдэглэлийн дэвтэр, ширээний гэрэл гэх мэт/ яг гарын дор цэгцтэй байрлуулах хэрэгтэй.
Оффисын ажилчдын эрүүл мэнд
Зарим байгууллагууд өөрсдийн оффис, орчин нөхцөлдөө тааруулан компьютертай хэрхэн харьцах тухай дүрмийг боловсруулан баримталж байгаа бол коллеж, их дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нийтлэг дүрмүүдийг заадаг байна. Учир нь оюутнууд компьютерийг ихээр хэрэглэдэг төдийгүй ирээдүйн мэргэжилтнүүд компьютертай зайлшгүй харьцах нь мэдээж болохоор тэр биз ээ. Зарим орны сургуулиудын сургалтын хөтөлбөрт компьютерийн эрүүл мэндийн хичээл багтсан бол заримд нь шинээр элссэн оюутнууддаа компьютерийн эрүүл мэндийн тухай гарын авлага тараадаг байна. Мөн оюутнууд болон ажилчид өөрсдийн эмчдээ байнга үзүүлэх ёстой зэргээр дүрэмдээ тусгаж өгсөн байдаг байна. Бид сая компьютерийн ард хэрхэн зөв суух ёстой болон компьютерийн жижиг хэсгүүд бидний эрүүл мэндэд яаж шууд нөлөөлдгийг мэдэж авлаа. Одоо харин компьютер дээр ажилладаг хүмүүс орчин нөхцөл, өрөөний зохион байгуулалт, компьютерийн бусад төхөөрөмжүүдээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар нэмэлт хэдэн зүйлийг авч үзье. Хэрвээ та ямар нэг хэмжээгээр байгууллага удирддаг л бол ажилчдынхаа эрүүл мэндийг зайлшгүй анхаарах л ёстой. Харин та оффисын ажилчин буюу эсвэл гэртээ ажлын өрөөтэй бол өрөөний орчин нөхцөл таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг зайлшгүй мэддэг байх хэрэгтэй.

Ажиллах орчны ерөнхий дүрэм
Юуны өмнө оффист чинь компьютер байгаа л бол бүх цахилгаан хэрэгсэлд хамаарагдах дүрмийг баримтлахаа огт мартаж болохгүй. Үүнд:
  1. Цахилгааны утас хамгаалалтгүй ил байж хэрхэвч болохгүй.
  2. Компьютер болон бусад төхөөрөмжийн ойр орчимд хоол унд, хүнсний зүйл байх ёсгүй.
  3. Цахилгааны залгуур хэт их байх нь аюултай.
  4. Өрөөний халуун дулаан, агааржуулалт тохирсон хэмжээнд байх ёстой.
  5. Өрөө тасалгааны гэрэлтүүлэг хурц биш, гялбалт байхгүй гэхдээ хэтэрхий бүүдгэр, сүүмгэр биш яг тохирсон байна.
  6. Компьютерийн тавиур буюу ширээ бат бөх, зай талбай нь хангалттай хэмжээтэй байх ёстой. Эдгээр дүрмүүд бол ажиллах орчны аюулгүй байдлыг хангах бөгөөд компьютер ашигладаг хүн бүрт хамаатай зүйлүүд юм.

Учирч болох хүндрэлүүд ба шийдэх арга замууд
Нурууны өвчин: Олон ажилчид нэгэн асуудалтай байнга тулгардаг нь нурууны өвчин юм. Компьютерийн өмнө тухгүй, эвгүй сууснаас, эсвэл хямд төсөр, чанар муутай сандал дээр сууснаас болоод нурууны ноцтой эмгэг үүсэх эхлэл тавигддаг.
Шийдэл:
  • Бүрэн дүүрэн тохиргоо хийх боломжтой сандал дээр суух.
  • Хөлөө байнга тавиур дээр тавих нь нурууны эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
  • Мөн дэлгэцээ бага зэргийн налуу байлга. Тэгвэл эвгүй хэцүү хөдөлгөөн, нуруугаараа эвгүй эргэх, тонгойх зэргээс зайлсхийх болно.
Хуруу, гарын эмгэг: Урт хугацааны турш нэг хөдөлгөөнөө дахин давтан хийсээр гэмтэлд учрах магадлалтай эрхтэнд хуруу гар, бугуй зайлшгүй тооцогддог.
Шийдэл:
Гол нь байрлал тун зөв байх ёстой. Хэрвээ тасралтгүй юм бичиж байгаа бол нэг цаг тутамд ойролцоогоор 5 минутын хугацаатай хуруу гараа амрааж байх хэрэгтэй.

Нүдний хараа: Компьютерийн дэлгэцийг удаанаар ширтвэл нүд эцэх нь ойлгомжтой. Ялангуяа гэрэлтүүлэг бүүдгэр муу, эсвэл хэт хурц гэрэлтэй, дээр нь дэлгэц жаахан л чичирхийлэлтэй бол нүдний харааг шууд муутгадаг гэдгийг дээр хэлсэн.
Шийдэл:
  • Дэлгэцийн хортой туяаг бууруулдаг дэлгэц хамгаалагч хэрэглэж, дэлгэц өчүүхэн төдий гэмтэж ямар нэгэн согогтой болсон л бол цаашид хэрэглэх хэрэггүй.
  • Тасралтгүйгээр нэг цагаас илүү ажиллаж болохгүй гэсэн энгийн дүрмийг зайлшгүй мөрд.
  • Дэлгэцийн өнгийг өрөөний гэрэлтэй нийцүүлэн тохируулах ёстой. Монитрын доор хэсэгт байрласан тохиргооны товчлууруудаар энэ тохиргоог хийнэ.
  • Хурц гэрэлтэй үед цонхны хөшгөө татаж гэрэлтүүлгийн асуудлаа шийдэж болно.
Хэт ягаан туяа цочрол: Лазер принтер болон хувилагч машинаас ялгардаг хэт ягаан туяа ажилчдын амьсгалын асуудалд муугаар нөлөөлдгийг эмч нар байнга сануулдаг.
Шийдэл:
  • Ажилчдын сууж байгаагаас дор хаяж нэг метрийн зайд принтерээ байрлуулах нь хамгийн зөв арга болох ба талбайн агааржуулалтад тэр бүр нөлөөлөхгүй.
  • Хувилагч машинаа аль болох ажилчдаас зайтай, коридорт юм уу эсвэл өрөөний үүд хавьцаа байрлуулж болно.
Оффисын орчин
Өрөөний температур, агааржуулалт, чийг
Өрөөний ямар ч нөхцөлд зохицон тэсэх чанар ажилчид бүрт өөр өөр. Гэсэн ч ажлын бүтээмж, болон ажилчдын хувцаслалт, эрүүл мэнд зэрэгт өрөөний температур заавал нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл өрөөний температур нь оффисын орчны ая тухтай байдал болоод ажилчдын эрүүл мэндийг голлог шийднэ гэсэн үг. Оффисын өрөөний температур хамгийн багадаа 16 хэм байх ёстой. Хэт хүйтэн эсвэл хэт халуун бол ажилчдын биед сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Гэхдээ өрөөний температурт бас өөр олон зүйлүүд нөлөөлдөг. Үүнийг тун сайн бодолцох хэрэгтэй. Жишээ нь: оффисын чинь цонх урагшаа харсан уу үгүй юу, эсвэл гадна хаалга тань ямар вэ, ямар хэмжээтэй өрөөнд хэдэн хүн суудаг вэ гэх зэрэг олон зүйлүүд нөлөөлнө. Өрөөний цонх урагшаа харсан бол нарны энерги тусч арай илүү дулаан болно, гадна хаалга өөрөө хаагддаг механизмтай бол гаднаас хүйтэн орохгүй, жижигхэн өрөөнд олон хүн суудаг бол энэ өрөө арай илүү халуун болж, агааржуулалт илүү хэрэгтэй гэх зэргээр олон олон зүйлүүд байна. Бас өрөөнд компьютер их байвал өрөөний халуун бага хэмжээгээр нэмэгдэхээс гадна агаарын хуурайшилт үүсэх нь их байна.
Зөвлөгөө: Өрөөний температур, агаарын урсгал, чийглэг нь компьютерт нөлөөлөх том хүчин зүйлүүдийн нэг юм.

Чимээ, шуугиан

Нэг том талбайд ажилладаг оффисын ажилчид бие биеэсээ хамааралтай байх нь ойлгомжтой. Тэд бие биенийхээ анхаарлыг сарниулж, ажлын үр дүнг бууруулах магадлал өндөр байдаг. Гэхдээ эмх цэгцтэй, сахилга баттай ажлын байранд чимээ шуугианы асуудал огтхон ч том зүйл биш. Энэ нь хувь хүний ухамсраас шалтгаалах зүйл юм. Нөгөө талаар ажилчид өөрсдөө дэг журамтай байлаа ч компьютер болон бусад төхөөрөмжүүдийн гаргадаг чимээ шуугианыг яалтай билээ. Тухайлбал принтер, хувилагч машин болон компьютер ч гэсэн ихээхэн дуу чимээ гаргаж, ажилчдыг ихээр ядрааж, улмаар толгой өвдөхөд хүргэдэг.
Зөвлөгөө: Принтер, хувилагч машин гэх мэт чимээ шуугиантай төхөөрөмжүүдээ ажилчдын байгаа байрлалаас арай зайдуу тавьж болно. Эсвэл өөр дээр нь байрлах дуу намсгагчаар /Зарим төхөөрөмжүүд дуу намсгагчтай байдаг/ дууг нь багасгаж болно. Өөр нэг зөвлөгөө гэвэл оффисын байрандаа засвар хийж дуу авиа шингээгч суурилуулах боломж бий ч өндөр зардалтай.

Гэрэлтүүлэг

Оффисын гэрэлтүүлэг нь харааны бэрхшээл үүсгэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хэт бүүдгэр биш, хэт хурц биш, кейбордын үсэг болон дэлгэц дээрх мэдээлэл ямар ч бэрхшээлгүй уншигддаг байх ёстойг анхаарах шаардлагатай. Энд ширээний гэрэл ч ашиглаж болно, гол нь тохиромжтой байх хэрэгтэй. Хэрэв оффисын гэрэл хэт хурц тод бол толгой өвдөж, нүд бүрэлзэж болзошгүй. Тэгэхээр цонхныхоо хөшгөөр зохицуулж болно. Харин бүүдгэр бол цонхоороо байгалийн гэрэл оруулах хэрэгтэй. Байгалийн гэрэл мэдээж хор нөлөө багатай.

  1. Тохиромжтой гэрэлтүүлэг
  2. Ширээний гэрэл – хэт хурц биш, гялбахгүй
  3. Анхаарал сарниулах дуу чимээ бүхий төхөөрөмж. Гэхдээ дууг нь хамгийн бага болгож намсгасан.
  4. Хөлийн хэсэг - чөлөөтэй хөдөлж чадах хангалттай зайтай
  5. Цонхны хөшиг
  6. Зохистой програм хангамж буюу дэлгэц дээрх мэдээлэл шууд уншигдана
  7. Дэлгэц – тогтвортой дүрстэй, мэдээлэл шууд уншигдана, гэрэл ойхгүй, тохиргоо хийх бүрэн боломжтой дэлгэц
  8. Кейборд – ашиглахад хялбар, тохиромжтой, үсэг нь тодорхой гаргацтай
  9. Ажлын ширээ – зохион байгуулалттай, эмх цэгцтэй, зай талбай сайтай, гэрэлтүүлэг сайтай ч хурц биш
  10. Сандал - өөртөө нийцүүлэн тохируулж болдог сандал
  11. Хөлийн тавиур
Танд хэрэгтэй бяцхан зөвлөгөө

  • Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
  • Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
  • Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
  • Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе цавчилж байхад гэмгүй.
  • Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
  • Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
  • Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын турш хийж байж үр дүнтэй болно.
  • Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа сулла.
  • Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
  • Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
Хийх дасгалууд
Ажлынхаа дундуур бяцхан завсарлага аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй.
  1. Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө хүргэхийг хичээгээрэй.
  2. Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол. Тэгээд биеэ сулла.
  3. Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
  4. Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
  5. Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж татна. Тохой, гар шулуун байна.
  6. Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
  7. Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар нь эргүүлнэ.
Эдгээр дасгалуудыг байнга хийгээд байвал тун удахгүй өөрийн мэдэлгүй, автоматаар хийчихдэг болчихно.

Асуулт, хариулт:

- Компьютер дээр удаан ажилласнаар компьютераас шалтгаалах өвчин заавал тусах уу?
- Компьютер дээр удаан ажилласан, ялангуяа компьютер тасралтгүй хэрэглэдэг зарим хэрэглэгчид нуруу, хүзүү, мөр, гар, бугуйн эмгэг тусах магадлалтай. Тэгэхээр ажлын байрны орчин нөхцөлөө сайтар бодолцоод, өөрийнхөө эрүүл мэндэд нийцүүлж ажиллавал энэ тийм ноцтой проблем биш. Сайн дизайнтай, тохилог, ая тухтай ажлын байр олон асуудлаас урьдчилан сэргийлж чадна. Харин нэгэнт ийм эмгэг үүсчихсэн бол эмчид хандахаас өөр яах билээ.

- Компьютер нүдний хараанд тэгж их нөлөөлнө гэж үү?
- Тэгэлгүй яах вэ, компьютерийн дэлгэц нүдний ганц дайсан гэхэд бараг болно. Мэдээж ямар ч амралтгүй, удаан хугацаагаар ажиллавал шүү дээ. Дээр нь бас гэрэлтүүлэг чухал нөлөө үзүүлнэ. Хэрвээ компьютерийн байрлал буруу, гэрэлтүүлэг их муу бол нүд хэзээ ч аврагдахгүй. Тэгэхээр компьютерийн байрлал, өрөөний орчин их нөлөөлнө. Дээр хэлсэнчлэн дэлгэц тогтвортой, өнгөний ялгарал, чанар сайтай бол нүд ядрах нь хамаагүй бага байна.

- Би контакт линз зүүдэг. Компьютер дээр удаан хугацаагаар ажиллавал ямар хүндрэл гарах вэ?
- Компьютер нь өрөөний агаарыг их хуурай болгодог. Тэгээд л нүд аргаж чилдэг. Мөн нүүрний арьс хуурайшиж, уруул ам их хатдаг гэж дээр хэлсэн. Тэгэхээр контакт линзтэй хүн компьютер дээр удаан ажиллавал хуурай халуун, хэцүүхэн нөхцөлд л ажиллаж байна гэж өөрийгөө тооцоход гэмгүй. Иймд нулимс орлуулагч шингэн буюу нүдний дусаагуур хэрэглэх нь зүйтэй. Мөн болж өгвөл компьютер дээр ажиллахдаа линзээ аваад нүдний шил зүүсэн нь хамаагүй дээр.

- Компьютер дээр удаан ажилласнаар стрессд өртөх үү?
- Мэдээж. Компьютер хэрэглэх болсноор зарим хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тохиолдож, хүндрэл бэрхшээл тулгардаг. Жишээ нь, компьютер гацах, юу нь мэдэгдэхгүй гэнэт тасалдах гэх мэтээс болж стрессд орох магадлал бий. Системийн функцуудыг бүрэн сурахад их хэцүү, их хугацаа шаарддаг болохоор ихээхэн нервтэж эхэлдэг. Уйгагүй хичээл, чармайлтаар энэ асуудлыг даван туулж болно. Гэтэл зарим ажилчдын түм буман олон ажлыг бүр ч ихээр хөнгөвчилж өгдөг болохоор тэд стрессд орох нь юу л бол, харин ч ажлаа илүү хялбараар гүйцэтгэх боломжийг олгодог компьютертаа ухаангүй хайртай байдаг.

- Толгой өвдөхийн гол шалтгаан компьютер мөн үү?
- Тиймээ, толгой өвдөх гол хүчин зүйлүүдийн нэг нь компьютер дээр ажилласнаас байж болох юм. Учир нь агаарын хуурайшил, компьютерийн хортой туяа зэрэг нь толгой өвдүүлдэг. Өөрөөр бас ажлын явцад бий болох стрессүүд, тухайлбал нүдний шил зүүх шаардлагатай болох, линзээ өөрчлөх, чанар муутай дэлгэц, хурц гэрэл ойх, буруу суух зэрэг бүх зүйлүүдээс болж толгой өвдөж болно. Хэрэв толгой чинь өвддөг бол ажлын байрны орчин нөхцөлөө шалга. Мөн компьютер дээр завсарлахгүйгээр хэр удаан ажилладгаа бодоод өөрчлөөд үзэхэд гэмгүй шүү.

- Тэгээд компьютер дээр яаж ажиллавал зөв зохистой ажилласан болох вэ?
- Энэ бол хийж байгаа ажлаас бүхэлдээ хамаарна. Мэдээж текст бичиж байгаа бол тасралтгүй удаан хугацаагаар бичвэл хуруу гар ядарна. Ерөнхийдөө тасралтгүйгээр хоёр цагаас илүү ажиллаж болохгүй. Ямар ч яаралтай ажил байсан дор хаяж хоёр цаг тутамд 10 минут орчим амарч байх хэрэгтэй. Мөн юу ч хийж байсан 20 минут тутамд нүдний хараагаа дэлгэцээс шилжүүлж байх ёстой. Тэгээд дээр хэлсэнчлэн компьютер болон чиний сууж байрлал, харьцаа зөв байх шаардлагатай.

- Хөл хүнд болсон бол компьютер дээр ажиллаж болохгүй юу?
- Хөл хүнд бүсгүйчүүд бол компьютер дээр ажиллахаа шууд болих хэрэгтэй. Учир нь бие давхар хүн жирийн хүмүүсийг бодвол илүү ихээр ядардаг тул компьютер дээр суувал өөрөө ч ядарна, урагт ч муугаар нөлөөлнө гэж үздэг. Угаасаа ямар ч хүн компьютер дээр ажиллахдаа ихээхэн ядарч, бүх бие чилж хөшин, нүд, толгой өвддөг. Харин заавал ажиллах шаардлагатай бол дараах зүйлүүдийг анхаарах хэрэгтэй.
  1. Ажлын хуваариа сайтар зохицуулах. Тасралтгүй удаан хугацаагаар ажиллаж болохгүй.
  2. Хэт ядартлаа ажиллахгүй, ойр ойрхон амарч, завсарлаж байх хэрэгтэй.
  3. Хөлөө хавагнахаас сэргийлж, хүнд ачаалал аль болох өгөхгүй байх. Өөрт эвтэйхнээр хөлөө байрлуулах. Мөн үе үе дээш өргөж амрааж байх ёстой.
  4. Өрөөндөө цэвэр агаар тогтмол оруулж, шингэн зүйл байнга уух хэрэгтэй.

- Компьютер гоо сайханд яаж нөлөөлөх вэ?
- Энэ бол эмэгтэйчүүдийн санааг байнга зовоодог асуудал. Компьютер өрөөний агаарыг хуурайшуулдаг юм чинь урд нь суугаад ажиллаж байгаа хүний нүүрний арьс бүр ихээр хуурайших нь мэдээж. Түүнээс удаан ажилласнаас болоод уруул, ам хатаж шингэн дутагддаг. Дээр нь нүд, болон зовхи, нүүрний арьс ядарч өнгөө алдана. Иймд компьютер байгаа өрөөний агааржуулалт маш сайн байж өрөөний чийгийг сайн тохируулах хэрэгтэй. Компьютер байдаг орчинд тасалгааны цэцэг, аквариумтай загас тавьж болно. Нөгөө талаар компьютер дээр ажиллах нь хөдөлгөөн хязгаарлагдаж илүү жин нэмж болзошгүй юм. Тэгэхээр ажлын бус цагаар идэвхтэй хөдөлгөөнтэй байж, биеийн жингээ барих хэрэгтэй.

Хүүхэд ба Компьютер

Хэрвээ та хүүхэдтэй бол энэ хэсгийг заавал уншаарай.
Найман настай нэгэн хүү гэртээ болон сургууль дээрээ үргэлж компьютер ашиглаж найзууд руугаа, эмээ өвөө рүүгээ захиа бичиж чатладаг. Тэр хэдэн цагаар суудаг бөгөөд саяхан эмчид үзүүлтэл түүний хараа тогтворгүй болж, цаашид муудна гэжээ. Арван настай хүү ихэнх цагаа сургуулийнхаа компьютер дээр найзуудтайгаа чатлаж өнгөрөөдөг. Чатлахаас гадна гэрийн даалгавраа бас компьютер дээр хийдэг байна. Тэр компьютер дээр ажиллаж байхдаа ширээн дээрээ гараа хэсэг зуур л тавьдаг, эсвэл товчлуур дээр хэдхэн тогшоод л гараа амраачихлаа гэж боддог байжээ. Энэ бүгдийн эцэст тэр хурууны эмгэгтэй болж, хурууны үзүүр мэдрэхүйн сааталд орсон байна. Таван настай хүү компьютер тоглохдоо аавынхаа суудаг сандал дээр суудаг. Түүнд өөрт нь таарсан компьютер, ширээ сандал гэж байхгүй. Тэр дэлгэц рүү хэт тонгойн суудгаас болж нуруу болон хүзүүний эмгэгтэй болжээ. Түүнээс гадна хэт их тоглодгоосоо болоод шөнө тавтай унтаж, амарч чадахгүй цочин сэрж, бие нь ядарч сульдан, стрессд орж эхэлжээ.

Компьютер хэдий маш ашиг тустай, хоббигоо хөгжүүлэх, сурч боловсроход голлох нөлөөтэй хэдий ч энэ мэтчилэн компьютерийн хүүхдэд үзүүлэх хор нөлөө их. Билл Гэйтс өөрийнхөө хүүхдүүдийг телевиз ба компьютерийн өмнө 45 минут, харин амралтын өдрүүдэд 1 цагийн турш сууж болно гэжээ. Хүүхдүүд нь түүний энэ журмыг үнэхээр мөрддөг болов уу? Би лав итгэхгүй байна. Билл Гэйтсийг худалч гэх гээгүй юм шүү, зүгээр тэр ажил дээрээ ихэнх цагаа өнгөрөөдөг, гэртээ хүүхдүүдтэйгээ тийм олон цагаар хамт байдаг гэдэгт итгэж өгөхгүй л байна. Тийм ээ, эцэг эхчүүд хүүхдэдээ хяналт тавьж чадаж байгаа гэж боддог ч таны тавьсан Билл Гэйтсийнх шиг дүрэм тэр бүр мөрдөгдөж чаддаггүй. Хүүхэд тань компьютерийн ард удаан суувал өмнө бичсэн учрах аюул, нөлөөнүүд, өвчин эмгэг хүүхдийг ч бас тойрч гарахгүй дайраад гарна. Хүүхэд нас бол өсөж том болж байгаа нас. Тэгэхээр наад зах нь түүний суух компьютерийн ширээ сандлын харьцаа байн байн өөрчлөгдөнө гэсэн үг. Бидний суудаг ширээ сандал дээр хүүхэд сууж болохгүй нь тодорхой. Үүнд дараах хэдэн аргууд танд туслах болно.

1. Сандал дээрээ хүүхдээ суулгах нэмэлт суудал байрлуул

Энэ бол хамгийн хялбар арга. Хүүхдэдээ дахиад сандал ширээ бэлдэж бөөн төвөг болж байхаар хүүхдэдээ таарсан тогтвор сайтай, ая тухтай нэмэлт суудал бэлдээд л авчих. Тэгээд хүүхэд тань суух болохоороо түүнийгээ таны сандал дээр тавиад л суучихна шүү дээ. Эсвэл өндөр намхныг нь тохируулдаг сандалтай бол хүүхдэдээ тааруулаад өндөрсгөх хэрэгтэй. Ингэхээр таны хүүхдийн хөл газар хүрэхгүй болно. Үүнийг шийдэхэд бүр ч амархан. Түүнд таарсан хөлийн тавиур бэлдэхдээ нүсэр том юм бодох хэрэггүй, таарсан цаасан хайрцаг, эсвэл хэдэн том зузаан ном давхарлаад тавьсан ч болохгүй юм байхгүй. Мэдээж таны сандлын түшлэг нааш цааш болгож тохируулдаг байх ёстой, хэрвээ тийм биш бол нуруунд нь дэр тохируулан тавьж өгч болно. Ингээд л гүйцээ.

2. Мауз ба кейборд
Мауз, кейборд хоёр дээр анхаарах зүйлсүүд таны хүүхдэд ч бас хэрэгжинэ. Гэхдээ хамгийн гол нь таны хүүхдийн гар таныхаас хамаагүй жижиг байгаа болохоор маузаа жаахан анхаарах хэрэгтэй. Хүүхэд чинь жижигхэн жаахан гараараа том маузны товчийг дарах гэж багагүй хүч гаргана. Олон хуруугаараа удирдаж болдог зурган дээрх мауз бол хүүхдэд зориулсан хамгийн сайн шийдэл юм. Ер нь тэгээд анх компьютер авахдаа л хүүхэдтэйгээ марталгүй, хүүхэд томчуул аль нь ч хэрэглэсэн эвтэйхэн дизайнтайг сонгож авах хэрэгтэй.

3. Нүдийг зайлшгүй анхаар
Тэдний нүдийг зайлшгүй анхаарах хэрэгтэй. Таны нүд өвддөг юм чинь хүүхдийн нүд бүр их чилнэ. Хүүхдэд 18-20 инчийн дэлгэц илүү тохиромжтой байдаг. Учир нь хүүхэд дэлгэц дээр гарсан дүрс, бичгийг харахдаа дэлгэцэд хэт ойртохгүйгээр тодорхой харж чадах юм. Ер нь дэлгэц дээр байгаа зүйлсийг харах гэж хүүхэд урагш бөхийх гээд байдаг учраас том дэлгэц хүүхдэд арай тааламжтай байдаг. Мэдээж хэтэрхий том дэлгэц харахад хэцүү байх нь ойлгомжтой. Хүүхэд дэлгэц рүү өлийж харвал хүзүү нь чилэхээс гадна нүдэнд ачаалал өгдөг тул сандлын өндрийг заавал тохируулах хэрэгтэй хэмээн дахин анхааруулъя.

4. Хүүхэд компьютерийн өмнө удаан суух ёсгүй

Танай хүүхэд хамаг байдгаа мартатлаа компьютерийн өмнө хэзээ ч сууж болохгүй. Та л үүнийг сэргийлж чадахаас биш тэд өөрсдийгөө хянана гэж огт бүтэхгүй зүйл. Хүүхэд ямар ч амралтгүйгээр 30 минутаас илүү суух ёсгүй. Ядаж 30 минут болоод нүдээ компьютерийн дэлгэцээс холдуулж, цонхоор гадагш хэсэг зуур харах нь хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Тэгээд дараа нь гар хөл, нуруу хүзүү гээд зарим хэсгүүдээ хөдөлгөх энгийн дасгалуудыг хийж болно. Учир зүггүй биеийн дасгал хийхээсээ хүүхэд тань төвөгшөөгөөд байвал та ойр зуурахан зарчих. Энэ нь зальтай бөгөөд амар арга юм. Танд ойр зуурын юм дөхүүлээд өгөхөөсөө төвөгшөөх нь арай л бага байх болов уу. Бас хамтдаа явган явах, тоглох, толины өмнө бүжиглэх нь зугаатай дасгал болно. Ер нь бол дэлгэц буюу компьютер, телевиз, видео тоглоомын өмнө өдөрт 1-2 цаг суух ёстой гэж эмч нар зөвлөдөг. Тэгэхээр аль болох хүүхэдтэйгээ хамт байж, ямар нэгэн зүйлийг хамт хийж, хамт тоглож байвал таны хүүхэд дэлгэцийн өмнө бага цаг өнгөрүүлэх болно. Мөн өөрийнх нь өрөөнд компьютер тавьж өгөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ өрөөнд нь компьютер байрлуулаад өгчихвөл бүх юм хяналтаа алдана гэсэн үг.

5. Юу хийж байгааг нь боломжоороо хяна

Хүүхдээ боломжийнхоо хирээр хянаж байх хэрэгтэй. Хэрвээ ямар ч хяналт байхгүй бол хүүхэд тань сурч боловсрох, мэдлэгээ дээшлүүлэх гээд өөрт хэрэгтэй зүйлсээ хийхийн оронд ямар ч ашиг тусгүй зүйл хийн эрүүл мэндээ муутгах болно. Интернэт рүү орж өөрт хэрэгтэй мэдээлэл хайхын оронд дэмий сайт руу орвол яах вэ. Энэ дэлхий дээр садар самуун, архи тамхи сурталчилсан, эсвэл эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн сурталчилсан ёс зүйгүй сайтууд олон бий. Компьютер дээр суух хүүхэд ямар ч хяналтгүйгээр эдгээр сайтууд орлоо гэхэд хүмүүжлийн маш сөрөг үр дагаврын эхлэл болно гэсэн үг. Эдгээр сайтууд руу орохоос хориглосон програм хангамж дэлхийд олон бий, үүнийг судлан компьютертаа суулгах хэрэгтэй гэж зөвлөе. Зөвхөн компьютер ашиглах ч биш, телевиз үзэх, компьютер тоглох гээд бүгдэд хараа хяналт хамаатай гэдгийг байнга санаарай.

6. Аюулгүй байдал хамгаас чухал

Энэ хэсэг нь хүүхдийнхээ юу хийж байгааг хянахтай жаахан төстэй юм. Гэхдээ та хүүхдийнхээ аюулгүй байдлыг нь хангах үүднээс хэд хэдэн зүйлийг хүүхдэдээ маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Эдгээрийг анзаараагүйгээс болоод хүүхдийн биеийн байдал болон танай гэр бүлд маш том гарз хохирол учрахыг үгүйсгэх аргагүй.
  • Юун түрүүнд компьютерийнхаа залгуур, холболтын утас, өрөөний цахилгааны холболтыг найдвартай аюулгүй байлгаж, ширээ сандал, тавиур зэргийг бат бөх чанартай байлгах ёстой. Компьютер хүүхдийн хөл дээр унаад бэртээчхийг хэн үгүй гэх вэ.
  • Хүүхэд тань мэйлээ шалгахдаа танихгүй хүнд хэзээ ч хариу бичиж болохгүй гэдгийг өөрт нь маш сайн анхааруулах хэрэгтэй. Хэрвээ танихгүй хүнээс захиа ирсэн бол ээж аавдаа мэдэгдэх ёстойг сайтар захиарай. Энэ бол их төвөгтэй асуудал. Хүүхдийнхээ нууцыг ч бас хүндлэх ёстой болохоор тэр бүр хувийн захиа руу нь нэвтрээд хянаад байх утгагүй юм.
  • Хэрэглэгчдээ бүртгэн гишүүн элсүүлдэг сайтууд маш олон байдаг. Тэгэхээр чухал биш ямар ч сайтад хэрэглэгч болж өөрийн утас, гэрийн хаяг, овог нэр гэх мэт хувийн мэдээллээ өгөх ёсгүй гэдгийг мөн л анхааруулж байгаарай. Сайтууд өөрсдийгөө найдвартай гэдэг ч юмыг яаж мэдэх вэ.
  • Хүүхэд тань өөрийнхөө нууц үгийг хэнд ч хэлж болохгүй. Хамгийн сайн найздаа ч тэр
Эх сурвалж:http://www.kt.mn/ Би үер нь ойрд бөхтийж суугаад байх шиг санагдаад байгаа шүү.Тэгээд энэ тухай олсон мэдээлэл та бүхэнтэй хууваалцая.

Компьютерийн эрүүл мэнд

Эх сурвалж:http://www.kt.mn/
2 сэтгэгдэл
  1. enig bijsen hvnd mash ih bayrlla hijeld heregtei zvil mash ih ym bn bayrlla

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *