“Боинг” компанийн “Боинг 737NG”, “Боинг 737МАX” загварын далавчны нэмэлт төхөөрөмжийн эд ангиас гологдол илэрчээ. Энэ доголдол дэлхий даяар тархсан 312 онгоцноос илэрсэн тухай АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас мэдээллээ.
Мэдэгдэлд “737NG, 737MAX загварын зарим онгоцны далавчны нэмэлт төхөөрөмжийг буруу үйлдвэрлэсэн, бат бэх, найдвартай байдлыг хангаагүй, одоогийн стандартад нийцээгүй байж болзошгүй” гэж тэмдэглэсэн байна. Доголдолтой эд анги нь амархан элэгдэж, нислэгийн үеэр онгоцонд гэмтэл үүсгэх шалтгаан болж болзошгүй.
“Боинг” компани, Холбооны иргэний агаарын тээврийн газрын хамтарсан шалгалтаар “Боинг” компанид нийлүүлдэг бага нийлүүлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гологдол 148 эд анги илрүүлсэн байна. Мөн онгоцны серийн дугаарыг нь тодорхойлжээ.
Гологдол бүтээгдэхүүнийг “737NG” загварын 133 онгоц, “737MAX” загварын 179 онгоцонд суурилуулсан тухай Холбооны иргэний агаарын тээврийн газраас мэдээллээ. Энэ газраас “Боинг”-ийг доголдолтой эд ангиудаа устгах тусгай баримт хүргүүлсэн байна.
Олон улсын иргэний агаарын байгууллагаас эдгээр онгоцны эзэмшигчдэд мэдээлэл хүргэж, шаардлагатай арга хэмжээ авах талаар дуулгажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд Этиоп улсад “Этиопиан Эйрлайнес” компанийн “Боинг 737МАХ” онгоц осолдож, 157 хүн амиа алдсаны дараахан дэлхийн олон улс энэ загварын онгоцны нислэгийг түр зогсоосон юм. Үүнээс хагас жилийн өмнө яг энэ загварын онгоц Индонезид осолдож, 189 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: BBC
CNBC